Jump to content

Мауссолос хааны бунхан

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Мауссоллосын бунхан, 1572. Maртин Хээмскэрк

Мауссоллосын булш, Маузоллосын бунхан (гре. Μαυσωλεῖον της Ἁλικαρνασσοῦ) эсвэл Галикарнассусын бунхан гэж олноо нэрлэгддэг байгууламж нь МЭӨ 353-350 оны хооронд Персийн нэгэн хаант улсын хаан Мауссоллос болон түүний эхнэр бөгөөд эгч нь болох Кариагийн Артемис II нарт зориулан Галикарнассус буюу одоогийн Турк улсын Бодрумд баригджээ. Уг барилгыг Грекийн архитекторч Сатирус, Пифиус [1][2] нарын удирдлага дор барьсан бөгөөд ойролцоогоор 45 метр өндөр, эртний Грекийн уран барилгын мастерууд болох Леокарес, Бриаксис, Паросын Скопас болон Тимофиус нарын уран барилгын онцлогийг тусган, чимэглэл бүхий 4 өөр талтай хийсэн бөгөөд Сидоны Антипатер Эртний Дэлхийн 7 гайхамшгийн нэг хэмээн нэрлэсэн байдаг. Мавзолиум буюу Мавзолей (Өрнө дахинд бунхан хэмээн ойлгогддог) хэмээх үг нь ерөнхийдөө аварга том бунханг илэрхийлдэг бөгөөд Мауссоллост зориулсан хэмээх утгатай Грек үг юм.

Маусоллос ба Артемис хоёрын амьдрал

[засварлах | кодоор засварлах]

Анатолийн эрэгт орших бяцхан хаант улсын нийслэлийг Галикарнассус хэмээн нэрлэдэг байжээ. МЭӨ 377 онд уг улсын хаан Милосын Гекатомнус нас барж, түүний орыг ханхүү Мауссоллос залгав. Гекатомнус Персийн эзэнт гүрний харъяанд байдаг байсан ба өөрийн улсаас гадна хөрш хэд хэдэн хот, мужийг захирдаг байв. Гекатомнус хаан Маусоллос ба Артемис нараас гадна Ада (Mакедоны Александрын өргөсөн эх), Идриус, Пиксодарус гэсэн хүүхдүүдтэй байв. Мауссоллос хаан болмогц өөрийн газар нутгаа Анатолийн баруун өмнөд эрэг тийш тэлж, нилээд хэдэн хотыг өөрийн эзэмшилдээ авчээ. Тэрээр 25 жил орчим хаан ширээнд суусан байна. Тэрээр Анатолийн эрэгт маш олон Грек хотуудын суурийг тавьсан ба Грекийн ардчиллыг ихээр хөхиүлэн дэмждэг байв. Тэрээр шинэ нийслэл хоттой болохоор шийдэн Галикарнассусыг шинэчилж эхлэв. Тэрээр хотыг тэнгистэй холбох боомтыг сайжруулан томруулж, Тэнгисийн давалгаанаа орж ирэхгүй болгосны сацуу хотын жирийн иргэдийн байшингууд, хотын төв талбай, гудамжуудыг холбосон засмал зам тавьсан байна.

Миниатурк дэх Галикарнассусын бунхны багасгасан загвар, Истанбул

Мөн хотын боомтын эрэг хавьд өөртөө зориулан тэнгис болон эх газрын аль алийг нь бүрэн тольдон харж чадахуйц өндөрлөг газарт хүчирхэг хамгаалалт бүхий ордон босгуулсан байна. Хотыг тойруулан харуулын цамхаг бүхий хэрэм босгуулж, Грек маягийн хэв загвартай гоёмсог театр, сүмийг бариулжээ. Маусоллос ба Артемис нар их хэмжээний татвар ногдуулан, түүгээрээ нийслэл хотоо хөгжүүлсэн байна. Гялалзан гэрэлтэх цагаан гантигаар хөшөө дурсгалууд босгон, сүм, барилгуудыг чимдэг байв. Хотын төвд тэднийг нас барсны дараа цогцсыг нь амгалан нойрсуулах, үргэлжид баян тансаг харагдах ордон барихаар төлөвлөжээ. МЭӨ353 онд Мауссоллос хаан нас барлаа. Улсын удирдлага нь түүний цусан төрлийнхнийг агуулсан баян, хүчтэй гэр бүл байсан ба түүнд зориулан өөрийнх нь нэрээр нэрлэсэн аварга бунхан бариулахаар шийдсэн байна. Барилгын ажил эхлэх үеэр улс оронд хямрал дэгдэв. Мауссоллос хаан aмьд байхдаа Эгейн тэнгист орших Грек соёл иргэншил бүхий Родос арлыг байлдан дагуулж эрхшээлдээ оруулсан боловч Родос арлынхан түүнийг нас барсныг дуулаад бослого дэгдээн улмаар Галикарнассус хотыг эзлэн түрэмгийлэхээр өөрийн флотоо илгээжээ. Родосын флотын ирэх замыг мэдэж байсан Артемис өөрийн флотоо хотын эрэг орчмын буланд нууж, Родосын цэргүүд эрэг рүү гармагц тэдний онгоцууд руу довтлуулан бут ниргэснээр ялалт байгуулжээ. Артемис үүгээр зогсолгүй өөрийн флот болон олзолсон онгоцнуудыг ашиглан Родос арлыг эзлэхээр цэргээ илгээсэн байна. Родосынхан арал руу ирж буй өөрсдийн завинуудыг харан өөрсдийн цэргүүдийг ялалт байгуулан эргэн ирлээ хэмээн эндүүрч, хамгаалалтаа сулруулсан нь Артемист хялбар олз болж, Родосыг бүрэн эзэлж, бослого гаргагчдыг даран сөнөөжээ. Артемис хатан удаан амьдарсангүй, нөхрийнхөө үхлээс 2 жилийн дараа насан эцэслэжээ. Угсаа залгамжлагчид нь тэдний шарилыг чандарласан бөгөөд хараахан дуусаагүй байсан бунханд нь байрлуулжээ. Уг ёслолд зориулан маш олон тооны амьтнаар өргөл өргөсөн ажээ.

Бунхны бүтээн байгуулалт

[засварлах | кодоор засварлах]
Бунхны туурь өнөө үед

Артемис хатан бунхны ажилд зориулан харамгүй их хөрөнгө зарцуулж, тухайн үеийн хамгийн авъяаслаг уран барилгачдыг авчрахаар элч нараа Грек рүү илгээж байв. Элч нар Эфесусын Артемисийн сүмийн засвары�� ажлыг удирдагч Скопас болон Леокарес, Бриаксис, Тимофиус нарын зэрэг алдарт барималчид тэргүүтэй хэдэн зуун уран дархныг хөлслөн авчирсан байна. Хотыг бүхэлд нь харахуйц толгой дээр босгосон бөгөөд уг байгууламжийг тойруулан хашаа босгосон байв. Чулуун арслангууд, бурхан, охин тэнгэрүүд хөшөөг тойруулан чимэглэсэн ба өнцөг бүрт нь морьтон баатруудын чулуун хөшөөг урлан байрлуулжээ. Талбайн төв хэсэгт гантигаар 45 метр /135 тохой/ орчим өндөр бунхан байгуулжээ. Уг бунхан 3 хэсэгт хуваагдсан байсан бөгөөд эхний хэсэгт тэмдэглэлт үйл явдлууд, Центавр, Лапифуудын тулаан, Амазоны дайчдыг дүрсэлсэн чимэглэлүүд бүхий чулуун шатууд байдаг байв. Түүний дээр есөн талт 36 баганатай байсан бөгөөд багануудын дунд хөшөө байдаг байв. Багануудын орой дээр гурав дахь хэсэг буюу Суварга байсан ажээ. Орой дээр нь дөрвөлсөн морин тэрэг хөлөглөн давхиж буй Мауссоллос ба Артемис нарыг дүрсэлсэн хөшөөг урласан байдаг байв.


Галикарнассус хотод уг бунхан олон зуун жилийн турш сүндэрлэсээр байсан юм. МЭӨ334 онд Македоны Александрт эзлэгдэхэд ч, МЭӨ 62 болон МЭӨ 58 онд далайн дээрэмчдэд тонуулахад ч тэр сүндэрлэсэн хэвээрээ байсан. Удаа дараагийн шаталсан газар хөдлөлтүүд болж хүрэл хөшөөгүй болсон ч хотын эвдэрхий балгас дунд уг бунхан 16 зууны турш оршин байсаар байсан юм. 1404 он гэхэд бунхнаас аварга суурь нь л үлдсэн байлаа. XV зууны эхээр Мальтын гэгээн Жоны хөлөг баатрууд уг нутгийн эзлэн түрэмгийлж, Бодрум цайз хэмээн нэрлэгддэг томоохон бэхлэлт байгуулсан бөгөөд 1494 онд тэд тойруулан хамгаалалт барихын тулд бунхны чулуунуудыг ашиглахаар шийдсэн байна. 1522 онд Туркуудын довтолгооны эсрэг загалмайтнууд Бодрумын хамгаалалтыг улам сайжруулж, хэрэм босгохоор уг бунхны үлдсэн хэсгийн чулууг бүрэн авсан байна. Өнөөдөр уг хэрэмд бунхны өнгөлгөөнд хэрэглэгдэж байсан гантиг чулуунуудын үлдэгдэл хааяа нэг гялалзан харагдсаар байдаг ажээ. Уг бунхан нь маш их алдаршсан тул түүний хэлбэр загвараар хийгдсэн бунхан, барилгууд нилээд түгэн дэлгэрсэн байдаг ажээ.

  1. Kostof, Spiro (1985). A History of Architecture. Oxford: Oxford University Press. p. 9. ISBN 0-19-503473-2.
  2. Gloag, John (1969) [1958]. Guide to Western Architecture (Revised ed.). The Hamlyn Publishing Group. p. 362.