Jump to content

Тэс сум (Увс)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Тэс сум
ᠲᠡᠰᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Увс
Сумын төвТооромт
Газар нутаг
  Нийт3,100 км2 (1,200 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 5,182
Цагийн бүсUTC+7 (UTC + 7)
Шуудангийн код
85060

Тэс нь Увс аймгийн сум юм. Баяд ястан амьдардаг. Засаг захиргааны 10 багтай: Нуур, Баян-Овоо, Суврага, Ханжит, Ендэрт, Тооромт, Нурагт, Цагаан толгой, Булгийн өндөр, Нуур эхэн. 10 багийн 5341 хүн 1268 өрх амьдардаг. Хүн амын тоогоор Увс аймгийн 18 сумаас эхний байранд ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ сум юм. Улаанбаатар хотоос 1378 км, Аймгийн төвөөс 185 км зайд байрладаг. Хойд, зүүн талаараа ОХУ–ын Тува улстай, урд талаараа, баруун урд талаараа Зүүнговь, Наранбулаг, Малчин сумдтай хиллэдэг. Баруун урд талаар нь Увс нуур байдаг.

Увс аймгийн Тэс сум нь 1924 онд байгуулагдсан. Хуучнаар Төгс хүлэг далай хааны аймгийн Пандийжунай бэйлийн хошуу, Жажинбал гүний хошуу, засаг гүн Дандарын хошуу гэсэн гурван хошуунаас бүрдэж байсан байна.

Тэс сум далайн түвшнээс дээш 754-916 метр өндөрт, хойт өргөргийн 50°29'13"- 50°35'24", зүүн уртрагийн 93°01'00" - 93°17'00"-ын хооронд нийт 308.5 мянган га талбай эзлэн оршино. Нутгийн хойд хэсгээрээ ой ширэнгэтэй бөгөөд чацаргана, хад, долоогоно, зэдгэнэ буюу улаалзгана, үхрийн нүд, нохойн хошуу зэрэг жимс ургадаг. Бусад хэсгээрээ тал хээр, элсэн манхан хосолсон гайхалтай байгальтай. Тэсийн гол, Нарийны гол, Жирээгийн гол, Үхэгийн гол, Орхигийн гол, Хошит эргийн гол гээд том жижиг олон голтой ба эдгээр нь нутгийн баруунаар орших Увс нуурт цутгана. Уур амьсгалын хувьд эрс тэс, өвөл нь хэт хүйтэн, зун нь аагим халуун, нутаг дэвсгэр дээрээ өндөр уул нуруу үгүй ч гэсэн хил залгаа нутгуудаараа өндөр уул нуруугаар хүрээлэгдсэн. Циклон болон эсрэг циклон зонхилдог. 1 дүгээр сарын дундаж температур -22.2°С, 7 дугаар сарын дундаж температур +21.9°С. Жилийн дундаж салхины хурд 1-2 м/с. Хүйтний улирлын үргэлжлэх хугацаа харьцангуй урт, 10-р сарын сүүлчээр цас орж 4-р сарын 1 хүртэл хүйтний эрч төдий л буурдаггүй, хүйтний туйл 1–р сард хасах 58 хэм, халууны туйл нь 7–р сарын сүүлчээр нэмэх 46 хэм, олон жилийн дунджаар жилд 150-250 мм тунадастай, үүний ихэнх нь 7, 8-р сард унадаг.

Гар урлал их хөгжсөн. Гэрийн бургасан мод, баяд, дөрвөд эмээл, түүний мөнгөн тоноглол, хазаар, бугуйл зэргийг ихээр хийж хавь ойрын аймаг сумдад нийлүүлдэг.

1938 оны 9 сарын 1-нд 2 сумын 25 хүүхэд Логийн Сүрэн гэдэг захирал багштайгаар нэгэн гэрт хичээллэж эхэлсэн нь Тэс сумын анхны бага сургууль болжээ. Одоогийнхоор 4-р багийн нутаг буюу Үхэгийн зүүн хөвөө "Өмхийн гадар" хэмээх газар анх тулгын чулуугаа тавьсан түүхтэй.